Мөнх Тэнгэризм бол Монгол хүн өөрт буй Зогсонги Байдлыг даван туулах замаар Бие, Сэтгэл, Оюуны Хүчээ хөгжүүлж, Мөнх Тэнгэрийн Хүчийг олон, Мөнх Тэнгэрийн Хуулийг Газар Дэлхийн Амьдралдаа Хэрэгжүүлэх тухай Философи юм.
Мөнх Тэнгэризмийн судлах зүйл нь:
1) Мөнх Тэнгэр
2) Мөнх Тэнгэрийн Хүч
3) Мөнх Тэнгэрийн Хууль
4) Зогсонги Байдал
Мөнх Тэнгэризмийн судалгааны арга нь:
1. Итгэл - Оюун Дүгнэлт буюу Философиор Сэтгэхүй
2. Мөргөл - Төвлөрөн Бодохуй буюу Оюунаа Чөлөөлөхүй
3. Амьдрал - Прагматизм буюу Мөнх Тэнгэризмийг Хэрэглэхүй
Итгэл, Мөргөл, Амьдрал гурав бол Мөнх Тэнгэрийг Tанин Mэдэх, Мөнх Тэнгэртэй Xарьцах үндсэн гурван арга юм.
Wednesday, May 21, 2008
Мөнх Тэнгэризм бол Философи!
Friday, May 16, 2008
МӨНХ ТЭНГЭРИЙН УЛААЧ
Доктор, профессор Г.ГЭРЭЛБААТАР
Их монгол улсын үед Мэнлиг эцгийн долоон хөвгүүний дундах нь Тэв тэнгэр цолтой Хөгчүү хэмээх их бөө байж, ид шид нь гайхагдаж, тэнгэрийн бөө хэмээн алдаршиж, түүх шасдирт тэмдэглэгдэн үлдсэн байдаг билээ.
Тэгвэл өнөө цагт Дондог Жажаагын долоо дахь хүү Бямбадорж гуай зайран цол хүртэж, төрийн бөө хэмээн хүндлэгдэж, хөх мөнх тэнгэрийн хэлмэрч улаач болж, зон олондоо тус буян хүргэж явааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Зайран Д.Бямбадорж гуай Ховд аймгийн Баясгалантын хөндий Могой чуулган Цагаан хаданд мэндэлж, баруун их Алтай, буурал өндөр Сутайн сүр хүчинд ивээгдэж, бага залуугаас бөөгийн ухаанд боловсорч, цагийн сайхан ирэхэд цаглашгүй их эрдэм нь тодорч, мөнх тэнгэрийн хүчинд ивээгдэн, Монголын их зайран болсон түүхтэй билээ.
Бөө гаралтай, бөх удамтай, олхонууд овгийн энэ их зайран олон монголын бөө мөргөл, мөнх тэнгэрийн шашны уламжлалыг сэргэж, хойч үедээ өвлүүлж яваа эрхэм үйлсийг энд товч өгүүлбээс ийм болой.
Монголын язгуур шүтлэг бишрэл бол бөө мөргөл юм. Хэдэн мянган жилийн өмнөөс Монголчууд бөө мөргөлийн шүтээнтэй байсан тухай археологийн болон бичгийн мэдээ баримт бидэнд олноор олдсоор байна.
Тийнхүү бөө мөргөлийг нятлан судалж үзвээс байгаль дэлхийгээ хайрлах, сүр хүчинд нь бишрэх, эцэг дээдсээ хүндлэх, сүнс онгодтой нь харилцах явдал бол бөө мөргөлийн хамгийн чухал эрхэм ёсон нь болох ажээ.
Монголчууд бөө мөргөлтэй байсны улмаас байгаль дэлхийн нь онгон дархан, байлдаан тулаанд эрэлхэг баатар, хүн ард нь хүмүүнлэг энэрэнгүй, хөгжил дэвшлийн өөдрөг сэтгэлгээтэй байлаа гэж эрдэмтэн судлаачид үздэг.
Бөө удган нар шашны утгаараа сүнс онгод, тэнгэр газар, янз бүрийн эзэд сахиустай харилцаж, гай барчдыг ид шидийн хүчээр хөөн зайлуулдаг хэмээн үздэг бол нөгөө талдаа маш нарийн сэтгэл зүйн асуудлыг хөндөн тавьсан байдаг. Өнөөдөр шинжлэх ухаан хэчнээн өндөр төвшинд хүрсэн ч гэсэн сэтгэл зүйн төвөгтэй асуудлуудад олигтой хариулт өгч чадахгүй хэвээр байна. Жишээлбэл, айдас түгшүүр, өшөө хорсол, үзэн ядахуй, хайр сэтгэл, энэрэнгүй мөр, буянт үйл гэх мэт.
Тэгвэл Монголын бөө удган нар олон мянган жилийн турш зон олонтойгоо хамт жаргал зовлонгоо хуваалцаж бөөлж дуулж явахдаа харилцагч хүнийхээ бие сэтгэлийн янз байдлыг ажиглан мэдэгч, баялаг туршлагыг хуримтлуулж, амжилттай анагаан засаж иржээ. Магадгүй энэ нь бөө хүний гоц авъясын хөгжил, хөдөлмөр зүтгэлийн үр шим, аль эсвэл үнэхээр ер бусын зөн совин ба онгод тэнгэрийнх нь үйлчлэл байж болох юм. Үүний ч улмаар бөө мөргөл эдүгээг хүртэл оршин тогтож, шинэ цагийн эрхээр дахин сэргэж буй бус уу, бас ч Д.Бямбадорж зайран зэргийн чин сэтгэлт бөө удган нарын хүчин зүтгэлийн ач тус билээ.
Монгол бөө мөргөлийн бас нэгэн онцлог шинж гэвэл ёс зүйн хувьд энэрэнгүй, буянлаг, бусдын сайн сайхны төлөө гэсэн үзэл, зориг үндэс нь болдогт оршмой.
Бөө удган нар хэзээ ч хар муу санаж, гаж буруу үйл хийж болдгүй, хэрвээ ял хэм нь бага болбоос онгод нь баалж, их болбоос тэнгэр нь шийтгэдэг ажээ. Иймээс өөрийн тахил шүтээн, сүнс онгод, харсан тэнгэртэй бөө удган нар дураараа тургиж, дунд чөмгөөрөө дэрвэж, юу дуртайгаа хийж явдаг улс биш ээ, харин онгод тэнгэрийн өмнө үүрэг хариуцлага хүлээсэн сайн үйлийн элч төлөөлөгч юм.
Тийм ч учраас Д.Бямбадорж зайрангийн уншлага дуудлагад:
“Төр улсыг минь төвшин болж хайрла
Түмэн олныг минь амгалан болгож хайрла
Ган зудыг зайлуулж хайрла
Гайт түймрийг унтрааж хайрла
Гарзын үүдийг хааж хайрла
Адуу малыг минь арвин болгож хайрла
Арвай тариаг минь элбэг болгож хайрла
Хэл амыг дарж хайрла
Хэрэг төвгийг багасгаж хайрла
Хулгай мөрийг дарж хайрла
Хуулийн үнэнийг мэдүүлж хайрла
Их засгийг дээдэлж хайрла
Эрдэм номыг түгээж хайрла
Хамаг олныг нэгтгэж хайрла
Хаан төртэй болгож хайрла
Ардчиллын үйлст ачаа үзүүлж хайрла
Ард түмний хэрэгт хүчээ үзүүлж хайрла
Хагарал бутралыг хага дарж хайрла
Хараал жатгыг бут дарж хайрла
Хар сүлдээ хамгаалж хайрла
Хамаг монголоо нэгтгэж хайрла
Цагаан сүлдээ дээдэлж хайрла
Цаг төрийг төвшитгөж хайрла
Өр авлагыг барагдуулж хайрла
Өвчин зовлонгоос салгаж хайрла
Энэ биеийг эрүүл болгож хайрла
Эмгэг хуучнаас салгаж хайрла
Нандин шүтээндээ хэлж, нас буянаа даатгая
Онгон шүтээндээ хэлж, олж юугаа даатгая
Хэлсэн ярьсныг хэрэг болгож хайрла
Хийсэн ажлыг хэвийн болгож хайрла
Бодсон бүгдийг бүтээдэг, бор домынхоо ид шидийг хайрла
Харсан болгоныг бүтээдэг, хар домынхоо ид шидийг хайрла
Шоог шоог шоог
Хурай хурай хурай” /Д.Бямбадорж “Тэнгэрийн овооны даатгал”/ хэмээн даатгадаг байна.
Бөө удган нарын энэ тамлаг дуудлагаас хархад хүн ардынхаа сайн сайхныг мөнх тэнгэрээсээ хүсэн гуйж, бодит ертөнцийн амьдралаа баяр жаргалтай болгоход чиглэгдэж байдаг. Энэ бол монгол бөө мөргөлийн бусад шашнаас ялгарах хамгийн гол онцлог нь болно. Жишээлбэл, XVI зуунаас манай оронд дэлгэрсэн шарын шашин гэхэд л энэ төрлийн амьдралаа урьд нь хийсэн үйлийн үрээ амсаж буй зовлон хэмээн үзэж, очиж чадвал диваажинд л жаргал байна хэмээн номлодог. Энэ мэт бөө лам нар тэрсэлдэж олон зуун жил болсон түүхтэй бөлгөө. Шарын шашин монголын нийгмийн дээд давхаргад хүч нөлөөгөө авч, тэдний дэмжлэгтэйгээр Монгол төрийн хууль цаазад өөрийн эрх ашгийг хамгаалуулсан зүйл заалтыг олноор оруулж батлуулж чадсан байдаг. Тухайлбал: “Цааз эрхмжийн бичиг”, “Ойрд цааз”, “Халх журам”, “Их хэв”, “Хууль зүйлийн бичиг” зэрэг XVI-XX зууны Монголын нийгмийн харилцааг зохицуулж байсан гол гол эрх зүйн бичигт бөө мөргөлийг хүчээр хорьж, шарын шашныг хөхүүлэн дэмжсэн тусгай бүлэг, зүйл ангиуд буй билээ.
Тэрнээс биш бөө мөргөл формацын онолоор “нийгмийн харилцаанд тохирохоо больсон” зүйл огт байхгүй юм. Зөвхөн тухайн үед Монголыг колоничилж улс төр, шашин, соёлынхоо нөлөөнд оруулах гэсэн гадаад улс орны бодлого төдий байв.
Тухайн үеийг бүү хэл өнөөдрийн шинэ эрэн, шинэ мянганд ч гэсэн бөө мөргөл Монголын ард түмний оюуны эрэлт хэрэгчээ, сэтгэлийн их хүч дэм болсоор байна.
Зайран Бямбадорж “Хааны сүнс” хэмээх дуудлагадаа:
“Хааны сүнс ирээд хаана залрахаа харна
Цөхрөн хүлээсэн монголдоо цөөхөн хугацаанд саатна
Автай сайн хааны өргөөнд амраад явна гэхлээр
Будда шашнаа залсан болохоор буцаад яваад өгнө
Тэнгэрийн шүтээнээ дээдлээгүй
Тэд нартай юу ярих бэ” хэмээн дуу алдсан нь Монголын уламжлалт их соёл- бөө мөргөл, мөнх тэнгэрийн шашин ямар их үгүйлэгдэж, сэргээн мандуулах нь цаг төрийн тулгамдсан асуудал болохыг онцолсон явдал болой.
Эх орноо хамгаалж, сэргээн мандуулахын төлөө халуун сэтгэл нь оргилж, онгод тэнгэртээ үргэлж даатган явдаг хүмүүс бол бөө удган нар юм. зайран Бямбадорж гуайн дуудлагад:
“Хадаг яндартай овоо олон ч
Хар сүүлтэй овоо ганцхан
Харийн хүн бүү дагуулж яв
Харь хэлээр бүү ярь ”
“Хар сүлдээ хамгаалж хайрла
Хамаг монголоо нэгтгэж хайрла ” гэх зэрэг эх оронч сэтгэлгээ бадаг болгонд тааралдаж, зөвхөн өөрөө төдийгүй, сүсэгтэн олныхоо урмыг сэргээж, зоригийг хөвчилдөг. Тийм ээ, Монголчууд бөө мөргөлөө шүтэж байсан цагт харийн дайсанд эзлэгдэх байтугай, хавь ойрын улс гүрнээ ч харж хамгаалан, харин одоогийн хэллэгээр олон улсын энхийг сахиулагч байжээ, зөвхөн шарын шашин гүнзгий дэлгэрсэн XVII зуунаас л тусгаар тогтнолоо алдаж, Манжийн дарлалд орсон нь нууц биш, үнэн түүх юм.
Зайран Д.Бямбадоржийн уншиж буй тамлаг дуудлага, хийж буй зан үйлүүд, харилцаж буй онгод тэнгэрүүдийг ажиглан судалж үзэхэд, Их Монгол улсын мөнх тэнгэрийн шашны ул мөр, удам судрыг тээж яваа тэнгэрийн их зайран болох нь харагддаг.
Бидний шашин судлалын талаар хийж буй судалгаа, түүний үр дүнд тулгуурлаж үзэхэд, Чингис хаан Их Монгол улсыг байгуулахын зэрэгцээ эртний уламжлалт бөө мөргөлдөө өөрчлөлт шинэчлэлтийг зоригтой хийж, дэлхийн төвшинд хүрсэн мөнх тэнгэрийн шашныг үндэслэн байгуулсан байдаг билээ.
Энгийн ойлгомжтой үгээр товч тайлбарлахад, XIII зуун хүртэл Монголын бөө удган нар харилцаж буй шүтээн болох онгод тэнгэр, шашны зан үйлийн талаар нэгдсэн ойлголт хараахан бүрэлдэж чадаагүй, овог аймаг, орон нутгийн шинжтэй, эртний байгалын шашин хэвээр байлаа.
Монголчууд улс төрийн хувьд нэгдэж, нэгдмэл нэг үндэстэн болон бүрэлдэн тогтохын хирээр итгэл үнэмшил, үзэл ухамсрын хувьд нэгдмэл байх явдал нэн чухал болж, энэ нь шашны сэтгэлгээн дээр биеллээ олсон юм. Тухайн үед ямар улс төрийн нам, философийн талаар ярих биш, бүх зүйлийг шашны үзлээр тайлбарлаж, шашны номлол сургаал дээр үндэслэж байв.
Тэгвэл Чингис хааны шашны талаар хийсэн өөрчлөлт шинэчлэлт бол монголчуудын шашны сэтгэлгээнд “мөнх тэнгэр” гэсэн ойлголт ухагдахууныг төлөвшүүлж, бий болгосон явдал юм. Чингис хаанаас өмнө монгол бөө мөргөлд “тэнгэр газар”, “дээд тэнгэр” зэрэг ойлголт байсан боловч Чингис хааны “мөнх тэнгэр” бол илүү тэнгэрлэг ойлголт болохыг түүхэн баримтууд баталдаг. Плано Карпини нарын тэмдэглэлд “Монголчууд ганцхан бурхныг/мөнх тэнгэр/ шүтдэг, тэр нь нүдэнд үзэгдэх ба үл үзэгдэх аливаа бүхнийг захирдаг...” гэсэн бол Мөнх хаан: “Бидний Монголчууд цорын ганц мөнх тэнгэрийг шүтдэг, төрж үхэхийн заяа тавилан мөнх тэнгэрийн тааллаар болно, мөнх тэнгэр оршин буй тул хүн шударга үнэн, муу сэтгэлгүй байх учиртай...” хэмээн нотлон хэлжээ. Энэ мэт олон жишээ дурдаж болно.
Тэр цагаас эхлэн хаад ноёд, бөө удган, хамаг монголчууд зөвхөн өөр өөрийн сүнс онгод, уул усыг төдий бус харин мөнх тэнгэр хэмээх нэгэн тэнгэрийн дор залбиран мөргөж, ухамсар сэтгэхүй, үзэл бодлын нэгдлийг биелүүлж чадсан юм.
Энэ бол зөвхөн шүтлэг бишрэлийн хувьд ч биш, монголчуудын сэтгэлгээнд гарсан том өөрчлөлт юм.
Тухайн үеийн төсөөллөөр мөнх тэнгэр бол цорын ганц, хамгийн дээд, эзэн тэнгэр юм. Мөнх тэнгэрийн хүч бол агуу гайхамшигтай, аливаа бүхэн түүний заяагаар шийдэгддэг байна. Чингис хаан мөнх тэнгэрийн хүчийг олсон болохоор “мөнх тэнгэрт ивээгдэн, түмэн иргэнийг оруулж”, дэлхийн хамгийн хүчирхэг том гүрнийг байгуулж чадсан ажээ. Чингис хааныг тэнгэрт хальсны дараа монголчууд түүнийг мөнх тэнгэрийн элч төлөөлөгч хэмээн тахин шүтсээр ирсэн бөлгөө.
Он цаг өнгөрсөөр олон зуун жил боллоо, шарын шашин дэлгэрч, эртний уламжлалт эрхэм ёсыг өөрчилсөн бол, социализм гэгч гарч ирээд юу ч үгүй арчин хаяжээ. Феодалын үеийн хутагт хувилгаад, социализмын үеийн эрдэмтэн мэргэд аль болох хуучин уламжлалаас нь салгаж, мөнх тэнгэрийг нь монголчуудаас мартагдуулахыг хичээн оролдож байлаа, гэвч энэ нь төдийлөн амжилтад хүрсэнгүй, “цаг нь ирхэр цасны дороос цахидаг цухуйна” гэгчээр өнөөдөр мөнх тэнгэрийн уламжлал дахин сэргэлээ.
Мөнх тэнгэрийн номлол сургаал өнөөдөр хүчтэй сэргэн мандахад зайран Д.Бямбадоржийн гүйцэтгэсэн үүрэг их юм. Тэрээр “Мөнх тэнгэрийн амин судар” хэмээх сайхан бүтээлээ хэвлүүлж, мөнх тэнгэртэй харилцах зан үйл, уншлага дуудлага, учир ёсыг дэлгэрэнгүй өгүүлсэн билээ.
“Мөнх тэнгэрийн үр ач нартаа үлдээх айлдвар” -таа:
“Бөө мөргөлөө шүтэцгээе
Бөмбөрцөг дэлхийгээ хайрлацгаая
Мөнх тэнгэрээ дээдэлье
Мөрөөдөл хүслээ даатгая” хэмээн бөө мөргөлөө шүтэж, мөнх тэнгэртээ залбирахыг уриалсан байдаг бол “Удган, зайран, бөөнүүд” -дээ:
“Мөнх тэнгэрээс мөргөл гуйдаг
Мөрөөдөл хүслээ хэлж даатгадаг
Бөө бөөгийн удамтан
Бөөрөнхий тал хэнгэрэгтнүүд” хэмээн бөө удган нар, жич хамаг монголын гол шүтээн нь чухам мөнх тэнгэр болохыг онцолжээ.
Төрийн их зайран, тэнгэрийн их улаач, зайран Д.Бямбадорж онгод нь орж:
“Мөнх тэнгэрийн онгон шүтээн минь ээ
Мөрөн голын лус савдгууд минь ээ
Бөртэ чоно сахиулсан тэнгэр минь ээ
Бүргэд шонхор сүлд тэнгэр минь ээ”/“Тэнгэрийн овооны заллага, дуудлага”/ хэмээн мөнх тэнгэрээ урин дуудахад:
“Ургийн эх нь гал голомт билээ
Улсын хэлхээ өрх гэр билээ
Мөнх тэнгэртээ галын утаагаар зочилно
Мөрөөдөл хүслээ холын холд хэлнээ” / “Гал шүтээн”/
“Мөнх тэнгэрээ дуудан заллаа
Мөрөн голоо аргадан тайлаа
Хаадын сүнс өрөндөө заларлаа
Хатдын сүнс гэртээ ирлээ”/ “Хөдөө арал”/ хэмээн мөнх тэнгэрийн онгод нь орж ирэхэд, өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн учрыг хэлж, төр улс, түмэн олныхоо сайн сайхныг даатгаж, муу бүхнийг үлдэн хөөж, сайн бүхнийг уриалан дууддаг ажээ.
Харин “Монгол төрх” -дээ:
“Далан долоон суу заль ухаантай
Даамай мэргэн бөөгийн удамтай
Дэлхийд тэднийг тогтоох
Дээд тэнгэр мөнх тэнгэр” хэмээн мөнх тэнгэрийг шүтэн амьдрахын ач холбогдлыг мөнх тэнгэрийн зарлиг гэлтэй, яруу тод, ялгуум сайхан илэрхийлсэн байдаг билээ.
Зайран Бямбадорж гуайн энэ толилуулж буй ном болбоос агуулга баян, санаа гүн, бөө мөргөл, мөнх тэнгэрийн шашинтны гарын авлага, ширээний ном болохуйц бүтээл болж чаджээ. Тус номыг сайтар уншиж судалж үзвээс, дараах онцлог шинж ажиглагдаж амой:
1. Бөө удган нарын амаар уламжлагдаж ирсэн уншлага дуудлагыг бичгийн хэлбэрт оруулсан байна. Судлаач эрдэмтэн нар л бөө мөргөлийн уншлага дуудлагыг цуглуулж хэвлэн нийтэлж байсан удаа буй болохоос биш, бөө хүн өөрөө шашныхаа зан үйл, уншлага дуудлага, учир ёсны талаар дэлгэрэнгүй тооцон өгүүлсэн ийм бүтээл ховор юм. Ийм учраас энэ бүтээл шашин судлаач эрдэмтэн мэргэдийн сонирхлыг татах нь гарцаагүй бөлгөө.
2. Түүхийг эргэн харахад Галдан Чойнболон хийдийн гэлэн Лувсанхайдав олон сайхан сан сэржим, сархад балин өргөх ёс, уншлага дуудлагыг зохиож байсан бол Урьдын мэргэн гэгээн Лувсандамбижалсан буддын шашны ном зохиолыг эх хэлнээ орчуулах, шинэчлэн найруулж Монгол хөрснөө суулгахыг хичээн оролдож байсны зэрэгцээ “Эзэн Чингисийн сан” -г зохиож, Чингис хааны тахилгыг баяжуулж байлаа. Бошотг жонон, Хулч тайж, Эрэнчин жонон, Сагваа жонон нар мөнх тэнгэрийн “Алтан бичиг” -г тунгаан шинэчлэж, алтаар бичүүлж, үр хойч нартаа өвлүүлж үлдээсэн агуу гавъяатай хүмүүс юм. Тэгвэл өнөөдөр зайран Бямбадорж гуай цаг үеийн хөгжил хувиралд тохируулан, онгод тэнгэрийнхээ хүчинд, өөрийн суу билиггээр олон сайхан дуудлага, сан, өргөл, айлдвар, даатгал, гуйлт, мялаалга, өчил, ерөөл, шившлэг, хэллэг, залбирал, шүлэглэл зэргийг шинэчлэн зохиож, бөө мөргөлийн яруу найраг, үгсийн чуулганд, давтагдашгүй онцлогтой, өөрийн гэсэн хувь нэмрийг хандивлажээ. Энэ бүтээлд бөө мөргөлийн уламжлал шинэчлэлийн гэрэл туяаран харагдаж байна.
3. Зайран Бямбадорж гуайн бүтээл зөвхөн бөө удган нарын сүнс онгод, агуу гайхамшигт мөнх тэнгэртэй харилцах асуудлын хүрээнд хязгаарлагдаагүй, Монголын ард түмний дунд олон жил түгэн тархаж, ахуй амьдрал, ёс заншил, үндэстний ухамсар сэтгэхүйд хэвшин тогтож ирсэн ардын зан үйл, тахил шүтээний ёс, баяр наадмын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Тухайлбал: Бурхан халдун, Хан хайран, Дөрвөн уул, Сутай хайрхан зэрэг Монголын гол болох уул хайрахдын тэнгэрийг тайх ёс, ээж мод зэрэг модны шүтлэг, удам угсаа залгаж, мандан бадрахын билэгдэл болсон гал голомтын тахилга, цагаан сарын ёс учир, од эрхсийн тахилга шүтлэг, сүр сүнс дуудах хүртэл өргөн агуулгыг хамарч, хэзээ, хаана яаж ёслон үйлдэх, ямар нарийн дэг журамтай байх, юуг анхаарах, цээр ёс нь юу болох, ая дан, уншлага дуудлага, үүх түүхэд нь хүртэл тооцон бичжээ, энэ бүхэн зайран гуайн өөрийнх нь хуримтлуулсан туршлага, судалгаа шинжилгээнийх нь үр дүн, онгод тэнгэрийнх нь захиа заавар болох нь эргэлзээгүй байна.
Энэ бүхнийг нэг өгүүлбэрээр товчилж хэлэхэд хичээл зүтгэлтэй, боловсрол сайтай, яруу тансаг үг хэлтэй бөө хүн бөөгийн тухай ном бичсэн явдал бол бөөгийн ертөнцийг нээх, түүний дотоод нууцад нэвтрэх шидэт түлхүүр, шилдэг бүтээл мөн болоход оршиж байна.
Чингис хаан 1206 онд хаан суугаад баарин овгийн ахмад Усун өвгөнийг цагаан дээл өмсгөж, цагаан морь унуулж, дээд талын судалдаа суулгаад, мэргэ төлөг үзүүлэн, төрийн их бэх буюу Мөнх тэнгэрийн шашны тэргүүнээр өргөмжилж байсан сайхан түүхтэй билээ.
Харин эдүгээ цагт төрийн их зайран хэмээн хүндлэгдэж, эрдэм чадал нь олноос онцгойрч, сайн үйл нь нийтэд түгэн дэлгэрсэн зайран Д.Бямбадоржийн ариун үйл, бүтээл зохилыг Мөнх тэнгэр судлалын дэлхийн академи үнэлэн сайшааж, дэлхийн академийн хүндэт доктор цолыг хүртээж, тэргүүн зайрангийн өргөмжлөл олгосон түүхтэй билээ.
Эрхэм зайрангийн эрдэм ухаан эгнэшгүй их дэлгэрч
Эх орон, эрдэнэт ардаа энгүй их тусыг хүргэж
Энх жаргал, элбэг баяныг эснүүлэн авчирч
Эрхэт мөнх тэнгэртээ эрчимлэн ивээгдэх болтугай.
X X X
---Зайран Д.Бямбадорж ба түүний бичсэн "Мөнх тэнгэрийн шашин бөө мөргөл" хэмээх номын тухай өгүүлэх нь---
Зураг: Энэхүү өгүүллийн зохиогч - Доктор, профессор Г.ГЭРЭЛБААТАР
Эх Сурвалж: http://www.munkhtenger.com/index.php?ff=newsmore&more=25